САКУРА: Олон улсад магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүллээ

-САКУРА СУРГУУЛЬ 20 НАС ХҮРЧ, ШИНЭ БАЙР, ШИНЭ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО-

Өнөөдөр есдүгээр сарын 3 буюу 2018-2019 оны шинэ хичээлийн жилийн эхний өдөр. Улсын хэмжээнд ихэнх сургуулиуд албан ёсны нээлтээ өнөөдөр хийж, сурагчдаа угтан авч байна. Харин энэ өдөр Сакура сургууль 20 дахь хичээлийн шинэ жилээ Олон улсын статустай болсон амжилтаар угтлаа. Тодруулбал, Сакура сургууль энэ жил олон улсад магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж байгаа төдийгүй дэлхийн стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй орчин бүхий 2500 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтад оруулж байна. Энэхүү мэдээ эцэг эх, багш, сурагчид, шинэ элсэгчдийн энэ өдрийн баяр дээр нь баяр нэмсэн томоохон үйл явдал болсон юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг Сакура сургуулийг үүсгэн байгуулагч, Хэл бичгийн ухааны доктор Ж.Амраа нээж үг хэлсэн юм.

Ж.Амраа: Төгсөгчид маань АНУ-ын ахлах сургуулийн дипломтой төгсөнө

Тэрээр “Намрын налгар сайхан өдөр эрдмийн өргөөгөө зорин ирсэн сурагчид, эрхэм хүндэт эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Сакура сургуулийн хувьд 20 дахь хичээлийн жилээ эхэлж, сурагч, багшийг хөгжүүлэх сургалтын чанар, суралцагчдыгаа эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаад талархал дэвшүүлж байна. Японд 20 настай охид, хөвгүүд амьдралынхаа шинэ алхам руу зорилго эрмэлзэлтэй шилжиж байгаагаа тэмдэглэдэг уламжлалтай.

Тэгвэл Сакура сургууль маань нас биед хүрч, 20 дахь хичээлийнхээ жилийг эхэлж байгаа энэ түүхэн өдөр миний бие та бүхэнд нэгэн баяртай  мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Энэ хичээлийн жилээс эхлэн манай сургууль олон улсын стандарт, шаардлагад нийцсэн 2500 хүүхдийн хүчин чадал бүхий сургууль, цэцэрлэгийн цогцолбор бүхий шинэ байранд хичээллэх болсондоо маш их баяртай байна. Мөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, төгсөгчид маань АНУ-ын ахлах сургуулийн дипломтой төгсөх боломжийг бүрдүүлж байна. Энэ бүх нөхцөл боломжоор хангасан Сакура сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг удирдан авч явдаг багшлах боловсон хүчнийг чадваржуулах, дүүрэг, нийслэл, улсад шилдгээр шалгарсан бүтээлч, багш сурган хүмүүжүүлэгчид маань сургалтынхаа ажлыг эхлэхээр бэлэн болоод байна. Ингээд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа эхэлснийг уламжилж байна” гэлээ.

Иноүэ Сан: Бид МУ-ын боловсролын салбарт тэргүүлэх сургууль болох зорилтыг тавин ажиллаж байна

Мөн Сакура олон улсын сургуулийн Ерөнхий захирал Иноүэ Сан “2018-2019 оны хичээлийн жилд Сакура сургуульд элсэн орж буй нэгдүгээр ангийн бяцхан сурагчид болон нийт сурагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд, энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эцэг, эх, зочид төлөөлөгчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Энэ сайхан өдөр 20 жилийн түүхтэй Сакура сургуулийн захирлын хувиар та бүхэнтэй мэндчилж байгаадаа миний бие туйлын их баяртай байна. Сакура сургууль 1999 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 300 гаруй сурагч төгссөний 50-иас илүү хувь нь Япон улсад суралцаж, хоёр орны хамтын хөгжилд хувь нэмрээ оруулсан байдаг. Энэ хичээлийн жилд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ, олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол Улсын боловсролын салбарт тэргүүлэх сургууль болох том зорилтыг тавин ажиллаж байна.

Энэхүү зорилгодоо хүрэхэд ганц миний хичээл зүтгэл төдийгүй багш, сурган хүмүүжүүлэгчид болон сурагч, эцэг та бидний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ажил хэргийн холбоотой хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм. Миний бие өөрийн туршлага, мэдлэг чадвараа бүрэн дайчлан, Сакура сургуулийн цаашдын хөгжил, дэвшлийн төлөө хичээн ажиллах болно.  Та бүхэнд баярлалаа” гэв.

Сакура сургуульд энэ онд элсэгчдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ нь шинэ сургууль, шинэ хөтөлбөр болон үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн сургалтын шинэлэг хөтөлбөр, арга барил төдийгүй төгсөгчдийн сурлагын амжилт, чансаатай холбоотой гэдгийг тус сургуулийн удирдлагууд онцолж байлаа.

Д.Батбаяр: Шинэ сургууль, шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд англи, япон хос хэлтэй төгсөгчдийг бэлтгэнэ

Нээлтийн үеэр Сакура сургуулийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн асан, МУ-ын гавьяат тамирчин Д.Батбаяр “Цаг хугацаа хурдан юм аа. Амраа багш маань цаг хугацаа, оюун ухаан бүхнээ энэ сургуульдаа зориулж, өнөөдөр 20 жилийнхээ босгыг алхаж байна. Энэ сургуулийг үүсгэн байгуулсан Амраа багшдаа бүх эцэг, эх, багш, сурагчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе. Амраа багш бид хоёр одоогоос арван жилийн өмнө танилцаж, бие биенээ мэддэг болсон.

Харин таван жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа. Би Амраа багшид “Сакура сургуулийнхаа 20 жилийн ойн босгон дээр дэлхийн стандартад нийцсэн, шинэ хөтөлбөртэй, шинэ сургууль байгуулж өгнө өө” гэж амлаж байсан юм. Ингээд амласан ёсоор бид дэлхийн стандартац сургуулийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах гэж байна. Сургуулийн шинэ байр маань тун удахгүй буюу нэг сарын дараа үүд хаалгаа нээнэ гэдгийг баяртайгаар мэдэгдье. Шинэ сургууль, шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд АНУ-ын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, англи, япон хос хэлтэй төгсөгчдийг бэлтгэнэ. Ингэснээр манай сурагчид, дэлхийн хоёр том хэлийг эзэмшиж төгсөх юм” гэдгийг тодотгож байв

Ийнхүү өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт тэргүүлэгч сургуулиудын нэг “Сакура” сургууль амжилт бүтээлээ тодотгож, 20 дахь намрын нээлтээ нижгэр хийлээ.