Наранцэцгийн үрсэлгээ маань амжилттай соёолж байна

Сакура сургуулийн сурагчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сакура” сайн үйлсийн аян”-ныхаа хүрээнд Sakura cycling challenge-2018 "Дугуйн өдөрлөг" болон ойрын болон холын зайн бартаат замын дугуйн аяллыг амжилттай зохион байгуулаад байна.

Сурагчид маань ийн аяны хүрээнд цуглуулсан хандиваа “Ногоон Улаанбаатар”-ыг бүтээхэд зарцуулдаг бөгөөд энэ жил Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн болон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд “Наранцэцгийн мандал” үрслэн суулгаж, нийслэлчүүддээ бэлэг барих гэж байна. Бид Наранцэцгийн үрээ зориулалтын хүлэмжид үрслүүлж байгаа бөгөөд үрсэлгээ маань амжилттай соёолж байна.

Тун удахгүй ҮЦХ, ҮСАХ-гийн талбайд суулгаж, та бүхэндээ нүд дүүрэн цэцгийн талбайгаар бэлэг барих болно.

Дашрамд дурдахад, Сакура сургуулийн сурагчид өнгөрсөн хоёр жилд Sakura Cycling Challenge аяныхаа хүрээнд цуглуулсан хандиваараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Сакура" төгөл байгуулснаас гадна 300 гаруй мод, сөөг бутыг амжилттай тарьж, ургуулсан билээ.