САКУРА СУРГУУЛИЙН СУРАГЧИД УУЛЫН БАРТААТ ЗАМЫГ 3 ӨДРИЙН ТУРШ ДУГУЙГААР ТУУЛЛАА

 -ХУРД ХҮЧ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР ШААРДСАН "SAKURA CYCLING CHALLENGE-2018" АМЖИЛТТАЙ БОЛЛОО- 

Сакура сургуулийн сурагчид 2016 оноос эхлэн “Сакура” сайн үйлийн аяныг санаачлан уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд сургуулийн нийт сурагчид Sakura cycling challenge дугуйн өдөрлөг болон бартаат замын ойрын болон холын зайн дугуйн аяллыг зохион байгуулдаг юм.

Энэ жилийн Sakura cycling challenge-2018 аяны 120-150 километрын уулын бартаат замын дугуйн аялал 2018.05.31-нээс зургадугаар сарын 2-ны өдрүүдэд Цонжинболдог-Заан Тэрэлж-Мэлхий хад гэсэн маршрутын дагуу гурван өдрийн турш амжилттай болж, өндөрлөлөө. Бартаат замын холын зайн дугуйн аялалд Сакура сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 60 сурагч оролцож, хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорилоо.

-75 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГ ГАРААНААС ГАРЛАА-

Аяллын багт сурагчдаас гадна тус сургуулийн 10 багш, эмч, тогооч, Трек Монголиа дэлгүүрийн менежер, хөтөч, механик болон сэтгүүлч, зураглаач нарын нийлсэн 75 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан юм.

Сурагчид өглөөний 08:00 цагт сургуулийнхаа гадна талбайд цуглаж, аяныхаа нээлтийг хийсний дараа барианаас гарах бэлтгэлээ базаасан.

Аялалд гарч байгаа сурагчдын хувьд уулын бартаат замаар 3 өдрийн турш аялах учраас унадаг дугуйных нь эд ангийн аюулгүй, бүрэн бүтэн байдал хамгаас чухал юм. Тэр ч утгаараа сурагчид болон аяллын багийнхны аюулгүй байдлыг хангах үүднээс дэлхийд алдартай Трек брэндийн унадаг дугуйг сонгожээ. Аялалд гарахаас өмнө Трек Монголиа дугуй дэлгүүрийн менежер болон механикчид сурагчдын унадаг дугуйг нэг бүрчлэн шалгаж, хүүхэд бүрт зөвлөгөө өгч байв. Ингээд сурагчид сургуулийнхаа гадна талбайгаас Улиастайн гүүр хүртэлх 7,5 км замыг Замын цагдаагийн хамгаалалт дор унадаг дугуйгаар тууллаа.

Энэхүү аялалд анхны жилдээ оролцож буй сурагчид цөөнгүй байсан юм. Гурван өдрийн турш дугуйгаар аялна гэдэг сурагчид бүү хэл томчуудын хувьд амаргүй даваа. Тэр ч утгаараа тус сургуулийнхан 2 сар гаруйн хугацаанд сурагчдаа Ривер клубын Спиннинг-д бэлтгэл хийлгүүлснээс гадна Хүрэлтогоотын уулын замд урьдчилсан сорилыг удаа дараа авчээ.

Өөрөөр хэлбэл, бартаат замд дугуй унах тактик, бие бялдар, амьсгалын техник зэргийг сайтар хангасны үндсэн дээр сурагчдаа ийн дугуйн аялалд хамруулж байгаа юм байна. Цөөн хэдэн сурагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас дугуй унахгүйгээр хамт олондоо дэм болж явсныг энд дурдах нь зүйтэй

Гурван өдрийн турш уулын бартаат замаар нийт 120-150 километрын уулын бартаат замыг туулах сурагчид маань Улиастайгаас дугуйгаа ачуулж, сургуулийнхаа автобусанд суулаа. Ингээд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдогоос хойш 26 км-ын зайд байрлах Замтын даваан дээр ирцгээлээ. Биднийг очиход аяллын багийн тогооч болон багш нар сурагчдын өдрийн хоолыг бэлдэн угтаж авлаа.

Энэ бол Sakura Cycling challenge-2018 ын 120-150 км-ын бартаат замын дугуйн аяллын гараанаас гарах цэг.

Дугуйн аяллын эхний өдөр сурагчид нийт 34 км-ын замыг дугуйгаар туулж, кемптээ очих хуваарьтай. Гараанаас гарахад сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Трек Монголиа унадаг дугуйн дэлгүүрийн хөтөч, механик, менежер болон эмч, Сакура сургуулийн багш нар цувааны эхэн, дунд, адагт явж сурагчдад тухай бүрт нь зааварчилгаа өгч байв. Энэхүү замаар дугуй байтугай автомашинтай зорчиход хүндрэлтэй байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Аяллын эхний өдөр гадаа 33 хэмийн халуун, бүгжим байсан. Харин  туулах зам  өгсүүр, уруу даваа гүвээнээс гадна сул чулуу ихтэй уулын бэлээр явна гэдэг сурагчдаас ямар их тэсвэр, хатуужил, дугуй унах техник шаардаж буй нь илт байсан юм.

Мөн түүнээс гадна энэхүү дугуй аялал нь хамт олныг илүү эвсэг,  бие биенийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй болгож буй нь нүднээ ил байлаа. Ахлах ангийн сурагчид нь дунд ангийн дүү нарынхаа хажууд хань бараа болж явахаас гадна, хаа нэгтээ зогссон байхад нь хажууд нь очиж санаа тавих. Сурагчид эхний өдрийнхөө 34 км-ын замын 14 км-ыг амжилттай туулж, Туул голын эрэг дээр алжаалаа тайллаа.

Зарим сурагчид уулын замд дугуйнаасаа унасан, дөрөөндөө хөлөө цохисон зэргээс үүдэн өвдөг, тохойгоо бага зэрэг шалбалжээ. Аяллын багийн эмч тэдний шархыг арчиж, эмчилгээний наалт нааж өгснөөр сурагчид аяллаа цааш үргэлжлүүлэхэд бэлэн боллоо.

Ийнхүү сурагчид маань аяллын эхний өдрөө нийтдээ 34 км-ын уулын бартаат замыг унадаг дугуйгаараа амжилттай туулж, кемптээ ирлээ. Өнөөдрийн хувьд гараанаас гарсан 60 сурагчийн 14 нь 20 гаруй км замыг туулсны дараа дугуйгаа ачуулж, автомашинаар кемпдээ ирсэн бол бусад нь 34 км замаа унадаг дугуйгаар бүрэн туулсан юм.

Кемптээ ирэхэд анги хамт олныг нэгдмэл болгох үүднээс сурагчдыг анги тус бүрээр нь нэг асарт хуваарилжээ. Сурагчид оройн хоолоо идэж, 22:00 цагт  унтаж, амарцгаав.

-АЯЛЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР СУРАГЧИД 90 КМ ЗАМЫГ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА-

Энэ бол аяллын хоёр дахь өдөр. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр гадаа 32 хэмийн халуун.

Сурагчдыг өглөө хоёр групп болгон хувааж хоёр өөр маршрутаар аяллаа үргэлжлүүлсэн юм. Стронг группийн сурагчид Гүнжийн сүм өөд өгсөх буюу нийтдээ 45 км замыг туулахаар 7-12 дугаар ангийн 12 хөвгүүн нэг баг болжээ. Тэдэнтэй хамт Трек унадаг дугуйн дэлгүүрийн дугуйчин Ууганаа, Сакура сургуулийн багш Корс, Түвшинжаргал, Ганцогт нар аялалд гарлаа.

Харин бусад сурагчид Кемп рүүгээ очих хүртлээ 24 км замыг туулах учиртай. Нэвтрүүлгийн багийнхы явсан Пургон автомашин тэдний явах замын 1/3-д хүрээд зогссон юм. 

Гүнжийн сүм руу явсан сурагчдын нэг Юүхи аялалд гарахынхаа өмнө шагайгаа эвгүй гишгэснээс замын дунд дугуйгаа ачууллаа. Дугуйгаа ачуулсны дараа тэрээр хэд хэдэн удаа “Хөл гайгүй болчихлоо. Би дугуйгаа буулгаад уная” хэмээн хэлж байсан ч багш нар нь түүнийг өнөөдөртөө гам барих хэрэгтэйг сануулснаар тэрээр нэвтрүүлгийн багийнхантай хамт автомашинаар кемптээ ирлээ.

Биднийг кемпдээ ирэхэд 24 км замыг туулсан Easy группийн аяллын багийнхан угтан авлаа. Ийнхүү сурагчид маань хоёр өдрийн турш нийтдээ 90 орчим км бартаат замыг унадаг дугуйгаар амжилттай тууллаа.

Хоолныхоо дараа сурагчид голын эрэг дээр цуглан аяллын сонин сайхнаа хөөрөлдөцгөөн, дуу бүжгээр өрсөлдөн алжаалаа тайлцгаалаа. 12-р ангийн ах эгч нар нь дүү нараараа хөгжөөт тоглоом тоглуулж, анги бүр өөр өөрийн гэсэн урлагийн номерыг үзүүлж, шилдгүүдээ тодрууллаа.

-ТЭСВЭР ХАТУУЖЛААРАА ӨӨРИЙГӨӨ ЯЛСАН САКУРАЧУУД-

Өнөөдөр аяллын 3 дахь өдөр. Өнгөрсөн хоёр өдөр гадаа 32-33 хэмийн халуун байсан бол өнөөдөр 12 хэмийн халуун, хүчтэй салхитай байлаа. Өнөөдөр сурагчид 30 орчим км замыг туулж Тэрэлж дэх Заан-Тэрэлж амралтын газарт бариандаа орох ёстой.

Сурагчид өглөөнийхөө цайг уусны дараа өмнөх өдөр нь сурсан бүжгээ бүжиглээд бие биедээ амжилт хүссэнээр 10:00 цагт барианы зүг хөдөллөө. Өмнөх хоёр өдөрт нар төөнөж, цаг агаар халуун байсан бол аяллын гурав дахь өдөр хүйтэн салхитай, бороо шивэрч эхлэв. Гэсэн хэдий ч сурагчид маань бүгд унадаг дугуйгаа хөлөглөн, барианы зүг хөдөллөө.

Кемпэсээ хөдөлсөн сурагчид Туул голын эрэг дагуу 15 орчим километр замыг туулсны дараа Тэрэлж дэх UB2  амралын газрын хажуугаас засмал замтай нийлсэн. Засмал замаар дугуйтай явах аюултай учраас сурагчдыг гурван хэсэгт хуваан, урд хойно нь автомашинаар хамгаалж, багш нар нь сурагчдынхаа урд хойно, дунд нь явж, жийлтийн хурдыг нь тааруулж явлаа.

Ийнхүү тэд засмал замаар 10 гаруй км явсын эцэст Заан-Тэрэлж амралтын газарт бариандаа орж ирлээ. Гурван өдрийн аяллын турш Сакура сургуулийн 8-р ангийн сурагч Жигүүр хурд хүч, тэсвэр тэвчээрээр бусдыгаа манлайж, бариандаа хамгийн түрүүнд орж ирсэн юм.

Сурагчдыг Сакура сургуулийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, хэл бичгийн ухааны доктор Ж.Амраа бусад багш, сурагчдынхаа хамт угтан авч, баяр хүргэлээ. Гурван өдрийн турш бартаа саадыг ажиралгүй туулж, хөлс хүч, тэсвэр тэвчээр гарган, нэгэн бие мэт бие биедээ урам зориг өгч, хамтдаа аялсан сурагчид маань Заан-Тэрэлж амралтын газарт Өдрийнхөө хоолыг зооглолоо. Ийнхүү Сакура сургуулийн сурагчдын уламжлал болгон зохион байгуулдаг Sakura cycling challenge 2018 гурав дахь жилдаа амжилттай болж, өндөрлөлөө.

-СУРАГЧИД ЦУГЛУУЛСАН ХАНДИВААРАА “НАРАНЦЭЦГИЙН МАНДАЛ” ТАРЬЖ НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ БЭЛЭГ БАРИНА-

Энэ жилийн Sakura cycling challenge 2018-д Сакура сургуулийн 250 сурагч, 150 эцэг эх, 50 багш ажилтан нийлсэн 450 орчим хүн оролцлоо. Өнгөрсөн хоёр жилд тус сургуулийн сурагчид Дугуйн аяллынхаа хүрээнд цуглуулсан хандиваараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Сакура төгөл байгуулснаас гадна 300 гаруй мод, сөөг бутыг амжилттай тарьжээ. Харин энэ жилийн тухайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Наранцэцгийн мандал” үрсэн суулгаж, нийслэлчүүдээ нүд дүүрэн цэцгийн талбайгаар бэлэг барих гэж байгаа билээ.

Анги хамт олноороо хурд хүч, авхаалж самбаа, идэвх зүтгэл, тэсвэр тэвчээр, авьяас чадвараа гарган Sakura cycling challenge-2018 д оролцсон Сакура сургуулийн нийт сурагч, эцэг эхчүүд, багш ажилчид болон энэхүү үйл ажиллагааг дэмжиж ажилласан хамтрагч  байгууллагууддаа талархсанаа илэрхийлье  .

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай