Сакура сургуулийн сурагчид уламжлал болгон зохион байгуулдаг Сакура сайн үйлсийн аяны "Sakura Cycling Challenge-2018" гурав дахь жилдээ болж байна. Аяны хүрээнд тус сургуулийн сурагчид гурван ангиллаар дугуйн аялалыг зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр /2018.05.27/ бага ангийн сурагчид Хүрэлтогоот-Хонхор-Хүрэлтогоот гэсэн маршрутаар нийт 16 км-ын бартаат замыг унадаг дугуйгаар амжилттай туулж, хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорилоо. Энэхүү аялалд манай Сакура сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 60 орчим сурагч, эцэг эхчүүдийнхээ хамтаар амжилттай оролцлоо.

Харин дунд болон ахлах ангийн сурагчид 2018.05.31-нд аялалдаа гарах бөгөөд тэд гурван өдрийн турш Цонжинболдог-Заан Тэрэлж-Мэлхий хад гэсэн маршрутын гурван өдөр 120-150 км-ын бартаат замыг унадаг дугуйгаар туулах юм.

Энэхүү бартаат замын дугуйн аялалд гарахын өмнө бүх сурагчдаа Ривер клубын спиннинг-д сар гаруйн хугацаанд бэлтгэл хийлгэхээс гадна бартаат замын сорилд хамруулдаг гэдгийг тодотгох нь зүйтэй байх.

"Sakura Cycling Challenge" сайн үйлсийн аянд манай Сакура сургуулийн нийт сурагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр цуглуулсан хандиваараа энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Наранцэцгийн мандал” үрсэн суулгаж, нийслэлчүүдээ нүд дүүрэн цэцгийн талбайгаар бэлэг барихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сурагчид маань аяны хүрээнд цуглуулсан хандиваараа 2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 гаруй нэр төрлийн бут, сөөг, ургамлыг тарьсан бол 2017 онд 7000 цэцгийн мандал тарьж, ургуулан “Ногоон Улаанбаатар”-ыг бүтээхэд гар бие оролцсон билээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Sakura Cycling Challenge-2018-д Сакура сургуулийн 250 гаруй сурагч, 150 эцэг эх, 50 багш ажилтан нийлсэн 450 орчим хүн оролцож, жил бүр өргөжин тэлж байгаад бид бүхэн баяртай байна.